“Samsung”-н тэргүүний технологийн зах зээлийн тэргүүлэгчийн байр сууринд хүрсэн замнал


МОСКВА. /Kommersant/. БНСУ-ын “Samsung” корпорацийг олон жил удирдсан Ли Кун Хи Сөүл хотын эмнэлэгт 78 насандаа таалал төгсжээ. Түүний хүчинд л компани ухаалаг гар утас, чип, ахуйн техник хэрэгслийн үйлдвэрлэлээр БНСУ-д төдийгүй дэлхийн өндөр технологийн зах зээлд тэргүүлэгчдийн нэг болсон юм.

Гэсэн ч “Samsung”-н тэргүүн Ли танил тал, гэр бүлийн холбоо сүлбээг ашигладаг, ажилтнуудынхаа эрх ашгийг үл тоодог, авторитар удирдлагын хэв маягийг баримталдаг хэмээн нэг бус удаа шүүмжлүүлж байсан нэгэн бөгөөд түүнд хэд хэдэн удаа эрүүгийн хэрэг үүсгэж байжээ.

Гэр бүлийн үйл хэргийг үргэлжлүүлэгч

Ли Кун Хи таалал төгссөн тухай дэлхийн технологийн тэргүүлэгч корпорациудын нэг “Samsung Electronics” ням гарагт мэдэгджээ. Түүний ямар шалтгааны улмаас таалал төгссөн нь тодорхогүй байгаа хэдий ч зүрхний шигдээсийн улмаас 2014 онд эмнэлэгт хүргэгдсэнээсээ хойш Лигийн биеийн байдал илт дордсоор байжээ.

Ли Кун Хиг нэг талаас “Samsung”-г хямд үнэтэй богино долгионы зуух, телевизор үйлдвэрлэгчээс дэлхийн хэмжээний компани болгож чадсан чадварлаг нэгэн хэдий ч нөгөө талаас авлигын хэд хэдэн дуулиан шуугианы эзэн бөгөөд татвараас бултагч, БНСУ-ын чеболь системийн амьд жишээ болсон эсрэг тэсрэгийн шинжийг агуулсан хүн байсан гэж ажиглагчид үздэг байна.

Тэрбээр 1942 онд Тэгү хотод “Samsung Group”-г үүсгэн байгуулагч Ли Бен Чолийн гэр бүлд төржээ. Ли Бен Чоль чинээлэг газар эзэмшигчдийн гэр бүлээс гаралтай хэдий ч түүний “Samsung Trading” нэртэй 1938 онд бий болгосон бизнес нь эхэндээ жимс, хатаасан загас экспортлох энгийн үйл ажиллагааг явуулдаг байжээ.

Тус компанийн бизнес нь хөгжин цэцэглэх үе нь Дэлхийн хоёрдугаар дайны дараагаас эхэлж, 1950 он гэхэд “Samsung Group” Солонгосын худалдааны хамгийн том 10 компанийн нэгт багтсан байна. Харин 1950-1953 оны хооронд болсон Солонгосын дайны дараа компани бизнесийн үйл ажиллагаагаа худалдааны чиглэлээс цахилгаан бараа, ахуйн техник хэрэгсэл үйлдвэрлэгч компани болгож өөрчилсөн байна.

Энэ үед Ли Кун Хи дунд сургуулиа төгсөж, Японы хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэг Васэдад элсэн орж, эдийн засаг судалсан байна. Дараа нь тэрбээр АНУ-д Жорж Вашингтоны их сургуульд суралцсан хэдий ч дипломоо аваагүй байна. Ли Кун Хи 1966 онд буюу 24 насандаа эцгийнхээ компанид ажиллаж эхэлжээ. Анх тэрбээр “Samsung” компанид багтдаг “Tongyang Broadcasting Company” телевизийн компанид ажилладаг байсан бол удалгүй барилгын болон худалдааны хэлтэст нь ажиллах болсон байна. Тэрбээр Ли Бен Чолийн гурав дахь хүү байсан ч 1979 онд “Samsung Group”-н дэд ерөнхийлөгч болсон бөгөөд өв залгамжлагчид дундаасаа хамгийн бизнесийн ур чадвар хамгийн сайн гэдгээ батлан харуулж чадсан нэгэн аж.   

Солонгос маягаар хийсэн өөрчлөн байгуулалт

Эцэг нь нас барсны дараа буюу 1987 онд Ли Кун Хи “Samsung”-г удирдах болжээ. Ингээд тэрбээр нээх удалгүй компанидаа томоохон өөрчлөлтийг хийж эхэлжээ. Тухайн үед цахилгаан бараа, ахуйн техник хэрэгслийн үйлдвэрлэлийг идэвхтэй явуулж байсан “Samsung”-н Япон технологид суурилсан телевизор, богино долгионы зуух, хөргөгч нь хямд боловч чанарын хувьд онцгой сайн биш гэдгээрээ олонд илүү танигдсан байв. Компани 1973 онд хагас дамжуулагчийг хөгжүүлж эхэлсэн хэдий ч тухайн үеийг нь өнөөгийн амжилттай нь харьцуулахад даанч хол байв.

1990-ээд оны эхээр Ли хоёр сарын хугацаатай барууны корпораци, үйлдвэрүүдээр зочилжээ. Энэ үед л Ли бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг бууруулаад ч болов хамаагүй чанарыг нь сайжруулахыг зорьж, барууны технологи, компанийн удирдлагын арга барилд тулгуурлан бизнесийн томоохон өөрчлөлт хийхээр шийдэв.

“Эхнэр хүүхдээсээ бусдыг нь өөрчилж зоригтой шинэчлэл хий” хэмээн Ли шилдэг менежерүүддээ хандан уриалж байсан нь түүний хамгийн алдартай уриа үгнүүдийн нэг болжээ.

“Samsung Electronics ба цахилгаан бараа үйлдвэрлэлээр тэргүүлэгч байхын төлөөх тэмцэл” хэмээх 2010 онд хэвлэгдсэн номонд Лигийн тухай нэгэн бяцхан түүхийг өгүүлжээ. Бүтээгдэхүүний чанарын хувьд асуудал дагуулсан нэгэн үйлдвэр дээрээ Ли 1995 онд биечлэн зочилж, ажилтнуудынхаа өмнө үг хэлэх үеэрээ чанарыг сайжруулахыг тэдэнд уриалахаас гадна “Чанар бүхнээс дээгүүр” гэсэн бичигтэй толгойн алчуур зүүхийг шаарджээ. Үүгээр зогсохгүй тэрбээр тус үйлдвэрээс гаргасан 50 сая ам.доллар бүхий бүтээгдэхүүнийг устгалд оруулж байсан гэдэг.  

Энэ үед корпорацийн бүхий л чухал шийдвэрүүдийг гаргадаг байсан Лигийн хэмжээлшгүй эрх мэдэл нь өсөн дэвшихэд нь нэмэр болжээ. 2008 оны санхүүгийн хямралын үеэр Ли чип, дэлгэцийн үйлдвэрлэлийн хөгжилд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулах шийдвэр гаргасан гэдэг. Сөүл хотод агаарын чанар маш муу байсан нэг өдөр Ли ахуйн техник үйлдвэрлэлийн хэлтсийн тэргүүнтэй утсаар ярьж, компани яагаад агаар цэвэршүүлэгч үйлдвэрлэдэггүйг асуусан байна. Ингээд компани нэг сарын дотор энэ сегментээр үйл ажиллагаа явуулах груп байгуулж, удалгүй агаар цэвэршүүлэгч үйлдвэрлэх болж байсан аж. 

Компанид шинэчлэл хийгдсэнээс хойш 20 жилийн дараа буюу 2010-аад оны эхээр “Samsung” одоо байгаа хэмжээндээ хүрч, цахилгаан бараа, өндөр технологийн хэд хэдэн салбарт дэлхийд тэргүүлэгч болсон нь гайхах зүйлгүй юм. 

Эрүүгийн хэргүүд ба үйлдвэрчний эвлэл байгуулахад тавьсан хориг

Лигийн хэмжээлшгүй эрх мэдэл компанид зөвхөн давуу талыг авчирсангүй. Компанийн бүх чиглэл хөгжих зам ч мөн дардан байсангүй. Ли үнэтэй автомашинд тун дуртай нэгэн байсан бөгөөд “Samsung Motor” салбарыг хөгжүүлэхэд асар их хөрөнгө мөнгө цацжээ. Гэсэн ч энэ хэлтэс ихээхэн алдагдал хүлээсээр 2000 онд дампуурахын даваан дээр байхад нь энэ бизнесийг Францын “Renault” худалдан авчээ.

Улс оронд нь компанид болон түүний домогт удирдагчдад нь хандах хандлага харилцан адилгүй байв. Нэг талаас нийгэм түүний алдар гавьяаг хүлээн зөвшөөрдөг ч нөгөө талаас танил тал, гэр бүлийн холбоо сүлбээг ашиглах, хууль бусаар эрх баригчдад нөлөөлөхийг оролдох, бизнес хийх ил тод арга хэлбэрийг үргэлж ашигладаггүй хэмээн хүмүүс түүнийг шүүмжилдэг байв.   

Ли өөрөө ч хэд хэдэн дуулиан шуугианы эзэн болсон юм. 1996 онд тэрбээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн албан тушаалыг 1988-1993 онд хашиж байсан Ро Дэ Уд хахууль өгсөн хэмээн буруутгагдаж байсан хэдий ч хожим нь түүнд өршөөл үзүүлсэн байна. 2008 онд түүнийг татвараас зайлсхийсэн, албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн албан хаагчдад хахууль өгсөн  хэмээн буруутгаж байсан юм.  

Үүнээс гадна Лиг хэмжээлшгүй эрх мэдэлтэй, удирдлагын авторитар хэв маягтай хэмээн шүүмжилдэг байв. Хагас дамжуулагчийн үйлдвэрт ажилладаг ажилтнуудад нь уушгины хавдар илэрсэн олон тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ тохиолдлууд нь хөдөлмөрийн нөхцөлийн бодлогод удирдлага хайхрамжгүй хандсантай холбоотой хэмээн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж байв.

Нарийн төвөгтэй өв залгамжлалын асуудал

“Samsung”-н тэргүүн хэвээр байсан Ли 2014 оны 5 дугаар сард зүрхний шигдээс болсноосоо хойш дийлэнх цагийг эмнэлэгт өнгөрүүлж, бизнесийн үйл ажиллагаанаасаа ихээхэн холджээ. Ли Кун Хи нас барах үед ч Солонгосын хамгийн чинээлэг хүн хэвээр үлджээ. “Forbes” сэтгүүл түүний хөрөнгийг 21 тэрбум ам.доллароор үнэлсэн байна. 

Ли Кун Хи нас барснаар өв залгамжлагчдад нь шийдвэрлэх хэрэгтэй олон төвөгтэй асуудлууд үлдэж байна. Компани технологийн тэргүүлэгчдийн нэг хэвээр хэдий ч өрсөлдөгчид тэр дундаа Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгчид өсөн нэмэгдсээр байгаа билээ.

Үүнээс гадна эх оронд нь тус компаниас ил тод байх, удирдлагаа шинэчлэх, угсаа дамжсан тогтолцооноосоо татгалзахыг шаардаж, шүүмжилсээр байгаа юм.

2016–2017 онуудад “Samsung” дахин томоохон дуулиан шуугианы эзэн болсон юм. Ли Кун Хигийн хүү Ли Жэ Еныг авлигын хэрэгт холбогдсон, хилийн чанадад хөрөнгө нуун дарагдуулсан хэмээн буруутгаж, таван жил шоронд хоригдох ял оноосон байна. Энэ хэрэг нь тухайн үед ерөнхийлөгч байсан Пак Гын Хетэй холбоотой хэргийн нэг хэсэг байсан юм. Эцгээсээ ялгаатай нь Ли Жэ Ен шоронгийн хаалга татаад амжжээ. Гэсэн ч давж заалдах шатны шүүх 2018 онд ялын тогтоолыг хэсэгчлэн цуцалж, шүүхийн шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна.

Энэ онд БНСУ-ын Прокурорын газар Ли Жэ Ёныг хувьцааны үнийг зохиомлоор өсгөх эсвэл бууруулах, санхүүгийн залилан хийсэн, эргэлзээтэй гэрээ байгуулахтай холбоотой хэргээр дахин баривчлах хүсэлт гаргасан юм. Ли Жэ Ён сул чөлөөтэй явж байгаа хэдий ч энэ нь компанийн тэргүүнийх нь байр суурийг бэхжүүлж чадахгүй.

Тэрбээр “Samsung”-н удирдах эрхийг эцгээс хүүд шилжүүлдэг явдлыг таслан зогсоохоо хэдэн сарын өмнө мэдэгдсэн. “Өв залгамжлалын асуудлаар дахин маргаан дэгдээхгүй гэдгээ би амлаж байна. Би эрх мэдлээ үр хүүддүүддээ шилжүүлэн өгөх төлөвлөгөөгүй байна” хэмээн тэрбээр хэлсэн байна. Гэсэн ч энэ нь алс ирээдүйд шийдэгдэх асуудал хэвээр үлдэж байгаа бөгөөд Ли Жэ Ён компанийг дахин арван жилээр удирдаж магадгүй юм.

Гэхдээ энэ бүхнээс өв залгамжлалын татварын тухай асуудал нь Лигийн гэр бүлийнхний хувьд хамгийн хүнд асуудал нь болж магадгүй юм. Ли Кун Хи “Samsung”-н хамгийн том хувьцаа эзэмшигч байсан бөгөөд одоо түүний хувь хүү болон хоёр охинд нь шилжинэ.

БНСУ-ын хуульд зааснаар, өв залгамжлалын татвар нь 60 орчим хувийг эзэлдэг байна. Өөрөөр хэлбэл Лигийн өв залгамжлагчид 9 тэрбум ам.доллар давсан хэмжээний мөнгийг төлөх ёстой аж. Ийм хэмжээний татвар төлөх нь “Samsung”-н хувьцааны тодорхой хэсгийг зарахаас өөр аргагүйд хүрэх юм.

 

Source

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *